ТҮҮХЭН ЗАМНАЛ
Засагт хан аймгийн Цэцэг нуурын хошууны дэргэд “Тэнхим” нэртэйгээр 1924 оны намар 26 сурагч, 1 багш, 2 гэртэй анхны сургууль байгуулагдсан нь Ховд аймгийн олон ястны соёл, боловсролын эхлэл болсон билээ.
1925 онд Чандмань уул аймгийн яамны бага сургууль Улаангомд байгуулагдсан ба улмаар 1927 онд Ховдод нүүдэллэн ирж, түүний дэргэд хойчийг залгамжлагч багачуудын пионерийн 91 дүгээр бүлэг байгуулагдсанаар баруун хязгаарт хүүхдийн хөдөлгөөн анх үүссэн түүхтэй.
1930 онд аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэд аймгийн пионерийн товчоо байгуулагдан одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бага сургуулиудын дэргэд пионерийн бүлгүүдийн ажлыг зааварлан зөвлөх болжээ.
1958 онд МХЗЭ-ийн төв хорооны 4-р бүгд хурлаар пионерийн байгууллагыг бэхжүүлэх талаар асуудал хэлэлцэн орон нутгийн пионерийн зөвлөлүүдийг аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэд байгуулан пионерийн ажлыг ХЗЭ-ийн 2-р нарийн бичгийн дарга, зааварлагчдын хамт хариуцан ажиллаж байв.
1980 оны 3 сараас аймгийн ХЗЭ-ийн хороонд аймгийн пионерийн зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаад улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтэй уялдан 1990 оноос удирдлага санхүү, аж ахуйн хувьд бие даан ажиллаж ирлээ.
1990-1996 он хүртэл Хүүхдийн байгууллага
1997-2000 он хүртэл Хүүхэд залуучуудын газар нэртэйгээр залуучуудын ажлыг давхар хариуцаж гүйцэтгэн ажиллах болсон.
2000 оноос Хүүхдийн төлөө төв болон дан ганц хүүхдийн асуудал хариуцан ажиллаж, 2008 оны 6 сараас Хүүхэд залуучуудын ордон ашиглалтад орсноор 2009 оноос Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оны 09 сараас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болж үйл ажиллагаагаа явуулж байна.
Зорилго: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд гарч буй өөрчлөлт шинэчлэлтэй уялдан ирээдүйн хөгжлийг хангах гол нөөц хүч болох хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, тэдний эсэн мэнд бойжих, сурч боловсрох, аж төрөх таатай нөхцлийг хангахад төр засгийн бодлого, олон улсын гэрээ, конвенцтой уялдуулан үйл ажиллагаагаа явуулах
Зорилт: Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд хүүхэд багачууд, тэдний эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, хууль ёсны бусад төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг татан оролцуулж хамтран ажиллах, сум орон нутгийн хүүхдийн асуудал хариуцсан ажилтнуудад арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ.
Үйл ажиллагааны чиглэл:
-Хүүхдийн эрхийн төлөв байдлын судалгаа хийж илэрсэн зөрчилд тохирох арга хэмжээ авч явуулах
- Хүүхэд, олон нийтийн гомдол санал хүсэлтийг хүлээн авч тэдний эрх зөрчигдсөн эсэхэд зөвлөгөө өгөх
-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, уулзалт, ярилцлага зохион байгуулах
-Хүүхдийн эрхийн чиглэлээр товхимол гарын авлага, зурагт хуудас, сонин зэрэг материал хэвлэн гаргах
-Хүүхдийн нэр хаяггүй “Итгэлтэй утас” ажиллуулан тулгамдаж буй асуудлаар нь зөвлөгөө өгөх
-Хүүхэд өсвөр үеийнхний өөрийн удирдлагын байгууллагыг дэмжин хөгжүүлж, арга зүйн туслалцаа үзүүлэх
-Хүүхэд өсвөр үеийнхнийг хөгжүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх төрөл бүрийн дугуйлан сургалтуудыг зохион байгуулах
-Хүүхдийн эрхийн хууль, олон улсын гэрээ, конвенцийг олон нийтэд сурталчилан таниулах
Хүүхдийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжийг дэмжин туслах
Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдэнд зөвлөгөө өгч сургалт, сурталчилгаа явуулах
-Хүүхдийн урлаг спортын төрөлжсөн арга хэмжээ зохион байгуулах
-Нийгмийн олон талт үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдлыг дэмжих замаар хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу өрх, тэдний хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах
-Нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдийг асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх санаачлага гаргасан хувь хүмүүс, гэр бүлийг урамшуулан дэмжих
-Төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурынхны хамтын ажиллагааг дэмжин ажиллах
